- АНУ-д ажил эрхлэх боломж байдаг уу?
- АНУ-д түр ажил хийхэд ямар виз мэдүүлэх вэ?
- Түр ажиллах зөвшөөрөл аваад үлдэх боломж бий юу?

Асуулт: АНУ-д ажил эрхлэх боломжтой ямар ямар виз байдаг вэ?
Хариулт: Ажлын виз болон ажиллах зөвшөөрлийг цагаачлалын бус бусад ангилалын виз олгодог журамд хамруулдаг. Гэхдээ гол зорилго нь хөдөлмөр эрхлэхэд оршдог тул оюутан F, дадлагажигч M, солилцооны хөтөлбөрт хамаарагдагч J, төлбөр нь гадаадаас хийгддэг жуулчны В ангиллаас ялгаатай авч үздэг.

Түр хугацаагаар ажиллагсдын визийг гэрээт худалдаачид, хөрөнгө оруулагчдын Е, сувилагчдын Н, онцгой гавъяа, авъяас чадвартай буюу ховор мэргэжлийн хүмүүсийн Н-1, шинэ технологи, компьютерын болон цахилгааны инженерийн Н-1В, үндэстэн дамнасан бизнесийн салбар хооронд шилжигсдийн L-1 гэж ангилдаг.

Удаан хугацаагаар ажилладаг, олон улсын чанартай Е, L-1 ангилалтай холбоотой хууль тогтоомж олон боловч агуулга нь ойролцоо. Түр хугацаагаар ажиллагсдын Н-2 ангиллыг хөдөө аж ахуйн салбарын ажиллагсдын Н-2А буюу бусад салбарт ажиллагсдын Н-2В гэж мөн ангилдаг.

Онцгой гавъяа, авъяас чадвартай хүмүүсийн Н-1 ангилалд урьд нь сувилагчид, тамирчид, жүжигчид багтдаг байсан боловч Конгрессоос 1989 онд баталсан хуулиар мэргэжлийн сувилагчдад шинэ Н-1А ангилал бий болгосноо төдөлгүй Н-1В болгон өөрчилж, бусад мэргэжлийн болон авъяаслаг ажилчдыг хамааруулдаг болсон.

Цагаачлалын 1990, 1991 оны хуулийн нэмэлтээр Н-1В ангиллыг нарийн мэргэжлээр хязгаарлаж, Хөдөлмөрийн нөхцлийн өргөдөл (Labor condition application-LCA)-ийг шаарддаг болгож, нэг жилд шийдвэрлэх өргөдөлд тооны хязгаар тогтоосон. Онцгой авъяастай гадаадын хүмүүст О, урлагийн тоглолтоор ирэх жүжигчид, тамирчдад Р ангилал тогтоон Н-1В ангиллаас хассан. Эдгээр ангиллын визийн өргөдлийг зөвшөөрөхөөс өмнө холбогдох ажил мэргэжлийн холбоодтой зөвшилцдөг.

Шашны байгууллагын шугамаар ажиллагсдад R-1 ангилал бий болгосон. Эмч нар Н-1В ангилалд хамаарагддаг. Бизнесын чиглэлээр ажиллагсдын цагаачлалын бус визийг олон улсын чанартай бизнес эрхлэгчдийн (E болон L-1), АНУ-ын аливаа бизнест ажиллах хүмүүсийн (O-1, H-1B, чөлөөт худалдаа, H-2B) болон тусгай салбарын үйлдвэрлэлийн гэж гурав ангилдаг.

Асуулт: АНУ-д түр хугацаагаар мөнгөний ажил хийхэд ямар ангиллын виз мэдүүлэх вэ?Хариулт: Аливаа ажил, албан тушаалын болзол шаардлагыг гагцхүү АНУ-ын иргэд хангадаг байх албагүй. Тиймээс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг сонирхдог, нарийн мэргэжилтэй, ажлын дадлага чадвартай ажилтанг авч ажиллуулахад анхаардаг пүүс компаниуд гадаадын иргэдийг урьж ажиллуулдаг.
Тэдгээр гадаадын иргэн АНУ-д Н1В визээр ирдэг. Жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хэн түрүүлж мэдүүлсэн, 65 мянган хүнд олгогддог энэ ангиллын виз өнгөрөгч онд олгож эхлээд 48 цаг хүрэлгүй дууссан нь түүний эрэлт их байгааг харуулж байна. Тодорхой мэргэжлийн ажил (Speciality occupation), албан тушаал (Professional position) эрхлэх нэгнийг АНУ-д түр хугацаагаар авчирах зориулалттай Н1В ангиллын виз мэдүүлэгч наад зах нь баклавар буюу түүнтэй дүйх шатны, шаардлагатай бол төрөөс итгэмжлэгдсэн түвшний боловсрол эзэмшсэн байх шаардлагатай.

Мэргэжлийн ажил гэдэгт уран барилга, инженер, математик, физик, нийгмийн шинжлэх ухаан, анагаах, эрүүл мэнд, боловсрол, хууль, нягтлан бодох, бизнесс, холбоо мэдээллийн технологи, урлагийн зэрэг өргөн хүрээний төрөл мэргэжлийн онолын болон практикийн мэдлэг шаардсан ажлууд багтдаг. Энэ ангиллын визтэй ажилчин түүнийг ивээн тэтгэсэн ажил олгогчид л хүчин зүтгэх бөгөөд гэр бүл, 21 нас хүрээгүй хүүхдүүдээ Н4 визээр авчирч дунд сургуульд сургах боломжтой. Ажил солих тохиолдолд тусгай маягтаар өргөдөл гаргаж зөвшөөрөл авдаг.
Асуулт: Түр ажиллах зөвшөөрөл аваад үлдэх боломж бий юу?
Хариулт: Н-1В ангиллын визээр АНУ-ын компаниудын ажиллах хүчний хэрэгцээг хангахдаа тухайн ажилчны АНУ-д байнга оршин суух хүсэлттэй хамтатгахгүй гэдэг зарчим баримталдаг. Нэгэнт түр хугацааны виз болохоор АНУ-д оршин суух хугацааг эхний удаа гурван жилээр заадаг, дахин гурван жилээр сунгаж болно.
Сунгахын тулд ажил олгогч өргөдөл гаргадаг. Зургаан жилийн дараа тухайн ажилчин дахин Н1В виз мэдүүлэхийн тулд АНУ-аас нэг жилийн хугацаагаар гарч явсан байх шаардлагатай. Гэхдээ нэгэнт виз авсан ажилчинд ажил олгогч нь эхний гурван жилд багтан байнга оршин суух зөвшөөрөл мэдүүлж болно.
Байнга оршин суух зөвшөөрөл буюу “ногоон карт” олдоогүй тохиолдолд тухайн ажилчин ногоон карт мэдүүлсэн байхад зургаан жил нь хэтэрсэн ч АНУ-д холбогдох журмын дагуу оршин суух боломжтой.Ажил олгогч гадаадын мэргэжилтэй ажилчинг ивээн тэтгэхийн тулд Хөдөлмөрийн яамандаа хандаж тухайн албан тушаал, цалингийн хэмжээг дурдсан Ажлын байрны өргөдөл буюу (Labor Condition Application) бүрдүүлж өгдөг, зөвшөөрөгдсөн нөхцөлд АНУ-ын Харьяатын болон Цагаачлалын алба-ХЦА (US Citizenship and Immigration Services)-нд өргөдөл гаргана. Чингэхдээ тухайн албан тушаал наад зах нь баклавар буюу түүнтэй дүйх шатны мэдлэг боловсрол шаардахыг нотлох шаардлагатай.

Ажилчин өөрийгөө ажил олгогчийн санал болгосон тухайн мэргэжлийн ажилд буюу албан тушаалд тохирч тэнцэнэ гэдгийг нотлохоос гадна их сургууль төгсгөсөн диплом, ажлын дадлага туршлагыг нь илтгэсэн нотолгоог АНУ-д хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрээр бүрдүүлэх шаардлагатай. Дээд боловсролын диплом, нарийн мэргэжлийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх үйл ажиллагааг ихэвчлэн мэргэжлийн холбоодын шугамаар төлбөртэй хийж гүйцэтгэдэг. Жилд Н1В визийг баклаврын зэрэг бүхий 65 мянган хүнд олгодгоос гадна АНУ-д Мастерийн зэрэг хамгаалсан хүмүүст нэмж 20 мянган ширхэг виз олгодог, их сургууль, коллежуудад ажиллах хүмүүс дээрх тоонд хамрагддаггүй.

Мэргэжлийн дипломыг зөвшөөрүүлэх, ажлын байрны тодорхойлолт үйлдэх, үнэлгээ хийх, бичиг баримтуудыг орчуулах, өргөдөл гаргах ажлыг оны эхнээс хийж эхлэхэд багагүй хугацаа шаардагддаг тул тэдгээрийг эцсийн байдлаар эмхлэн бүрдүүлж шуудангаар 4 дүгээр сарын 1 гэхэд илгээхэд бэлэн болгосон байх шаардлагатай.

Н-1В виз хүссэн өргөдлийг ажлын байрны нэр, гүйцэтгэх үүрэг, олгох цалин, ажлын шаардлага, боловсролын шалгуур, компаны санхүүгийн боломж зэрэг хөдөлмөрийн нөхцлийг нягтлан шалгасны дараа тухайн хүний ажиллах нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу ХЦА-ны бүсийн үйлчилгээний төвд гаргана.

Өмгөөлөгч шаардлагатай тохиолдолд G-28, I-129 маягтаас гадна Н нэмэлт болон шинэчилсэн I-129 W маягт бөглөнө. Хураамжийн 130 ам. доллараас гадна ажил олгогч 1000 ам. доллар төлсөн баримтыг хавсаргадаг бөгөөд бизнесийн болон эрхлэх ажлын шинж чанар, тухайн ажлын мэргэжил шаардах онцлог, боловсролын байдлыг тодорхойлж, баримтаар нотолгсон ажил олгогчийн захиаг хавсаргана. ХЦА мэргэжил шаардах ажлын жагсаалт гаргадаг боловч Холбооны шүүх. мэргэжил шаардах ажлыг урьдчилан хуульчлан тогтоох боломжгүй гэж үзсэн учир энэ жагсаалтыг явцуу гэж шүүмжилдэг.

Ажил олгогчоос гаргасан ажлын байрны тодорхойлолт, тайлбар шийдвэрлэх үүрэгтэй. Н-1В визээр ажиллуулах мэргэжилтний тоог тогтоодог ч тухайн жилд шаардлагатай мэргэжилтний тухай мэдээллийг Холбооны бүртгэл (Federal Register)-ээр мэдээлдэг. ХЦА Хөдөлмөрийн департаментаас гаргадаг Ажил мэргэжлийн нэрийн толь бичиг (Dictionary of Occupational Titles), бусад код, жагсаалтыг өргөн ашигладаг. Ажил олгогч эдгээрийг Хөдөлмөрийн департаментын вэб хуудаснаас үзэж болно.

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт