Ерөнхий мэдээлэл
H-1B виз нь АНУ-ын эдийн засаг, нийгмийн салбарт нэн шаардлагатай байгаа тодорхой төрлийн мэргэжлийн боловсон хүчинг авч ажиллуулах зорилгоор бусад улсын иргэдэд олгодог виз юм. Энэ төрлийн визийг жил бүр 65,000 хүнд олгодог. Энэхүү виз нь 3 хүртэл жилийн хугацаатай байдаг бөгөөд цаашаа дахин 3 жилийн хугацаагаар нэмж сунгах боломжтой. Хэрэв тухайн хүнийг ажиллаж байгаа компани ивээн тэтгэсэн нөхцөлд Ногоон картанд хүсэлт гаргах боломжтой болох юм.
Тавигдах шаардлага
H-1B төрлийн визний хүсэлт гаргагч нь тус улсад түр хугацаагаар ажиллах хүсэлт бүхий тодорхой төрлийн мэргэжил эзэмшсэн боловсон хүчин байх шаардлагатай. Тодорхой төрлийн мэргэжил гэдэгт нягтлан бодогч, програмист, мэдээллийн сангийн удирдлага, веб дизайнер, инжинер, санхүүгийн шинжээч, эмч, сувилагч, архитектор, эрх зүйч зэрэг мэргэжлийг хамруулан авч үздэг. Энэ төрлийн ажилтан авах хүсэлтийг АНУ дахь ажил олгогч нарын хүсэлт дээр тулгуурлан шийдвэрлэдэг. H-1B төрлийн виз авах хүсэлт гаргагч бакалаврын болон магистрын зэрэгтэй байх шаардлагатай.
АНУ-ын ажил олгогчид гадаадаас ажиллах хүчин авах хүсэлт гаргахын тулд Хөдөлмөрийн асуудал хариуцсан хэлтсээс тухайн ажлын байранд ажиллах ажилтан байхгүйг нотолсон баримт гаргадаг бөгөөд гаднаас ирж байгаа ажиллах хүч америкчуудын ажлын байрыг булаахгүй гэсэн нотолгоо гаргах хэрэгтэй болдог. Түүнчлэн гадаадын ажиллах хүч авч байгаа ажлын байр түр зуурын шинж чанартай гэдгийг харуулах хэрэгтэй. Харин энэ төрлийн виз-нд хүсэлт гаргагч нь гэрээний хугацаа дуусмагц эх оронруугаа буцна гэдгээ батлах шаардлагатай.
Эдгээрийн нэг болох мэргэжлийн сувилагч нарт зориулсан виз-нд тавигдах шаардлага хэд хэдэн удаа өөрчлөгдсөн байдаг. 1989 оны Nursing Relief Act-ын дагуу энэ төрлийн виз хүсэгчдэд тодорхой шалгуур зааж, тусгайлан зохицуулж байсан боловч 1995 оны 9-р сарын 1-ний өдөр уг хуулийг хүчингүй болгосон байна. Хэсэг хугацааны дараа буюу 1999 оноос эхлэн мэргэшсэн сувилагч нарт зориулан H-1C хэмээх визний төрлийг хэрэглэх болсон байна. Гэсэн хэдий ч энэ хууль 2005 оны 7-р сарын 13-ны өдрөөс эхлэн хэрэгжихгүй болжээ. Тиймээс өнөөдрийн байдлаар зөвхөн сувилагч нарт тусгайлан зориулсан визний төрөл байхгүй гэж ойлгож болно.
Ажил эрхлэх визний дараагийн төрөл нь Н-2В юм. Энэ нь бакалаврын түвшний боловсрол эзэмшээгүй хүмүүст зориулагдсан байдаг.
H-2B төрлийн виз нь тодорхой мэргэжлийн ур чадвар шаардагдахгүй, улирлын чанартай ажилд гадаадаас ажиллах хүч авахад зориулагдсан бөгөөд жил бүр 60 гаруй мянган хүнд энэ төрлийн виз олгодог. Энэ төрлийн визний хугацаа 1 жил боловч дахин 1 жил сунгах боломжтой. Энэ төрлийн визний дээд хугацаа 3 жил байдаг бөгөөд сунгуулах бүрт тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.
H-2B виз дараах давуу талтай. Үүнд:
- АНУ-д хууль ёсоор ажиллах боломжтой
- Визний хүчин төгөлдөр хугацаанд АНУ-с гарч явах буцан ирэх
- Өөр ажлын санал ирсэн нөхцөлд хийж байгаа ажлаа өөрчлөх
- Суралцах
- Өөрийн эхнэр/нөхөр, 21 нас хүртэлх гэр бүл болоогүй хүүхдээ татах
- Визний төрлөө өөрчлөх хүсэлт гаргах
H-2B визний сул тал:
- Таны урилгаар ирсэн эхнэр/нөхөр, 21 нас хүртэлх гэр бүл болоогүй хүүхдүүд ажил хийх эрхгүй
- Ажил хийх зөвшөөрлөө цаг хугацаандаа авах, сунгах зөвшөөрөл өгөөгүй бол буцах
- Хийж байгаа ажил нь улирлын чанартай, түр зуурын
Энэ төрлийн виз 2 шат дамжин шийдвэрлэгдэнэ. Эхнийх нь АНУ дахь ажил олгогч гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах хүсэлтээ Хөдөлмөрийн асуудал хариуцсан хэлтэст гаргана. Уг хэлтэс ажил олгогчийн хүсэлтийг хүлээн авч хянан үзээд зөвшөөрөл өгөх эсэхээ шийдвэрлэнэ. Зөвшөөрөл авсан ажил олгогч авч ажиллуулах хүний материалыг USCIS-д хүргүүлнэ. Энэхүү хүсэлт нь тухайн ажил эхлэхээс 6 сараас илүүгүй хугацааны дотор гаргах ёстой.H-2B виз-нд хүсэлт гаргагч дараах материал бүрдүүлнэ.
Үүнд:
- Хүчин төгөлдөр паспорт
- Нэг хувь цээж зураг
- Хөдөлмөрийн асуудал хариуцсан хэлтсээ ажил эрхлэх зөвшөөрөл олгосон бичиг
- Эх орондоо буцна гэсэн баталгаа
- Одоо ажиллаж байгаа газраасаа авсан тодорхойлолт
- АНУ-ын ажил олгогчийн шаардлагыг хангана гэсэн баталгаа.