Энд шинээр ирсэн хүмүүст төдийгүй удсан хүмүүст ч гэсэн апартмент, байшин шинээр түрээслэх, хүлээлгэж өгөх зэрэгт асуудал гарсаар байдаг билээ. Байр түрээслэгчид өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа мэдэж байх нь тэдэнд тулгарах бэрхшээл асуудлыг багасгаж, эсвэл бүр урьдчилан сэргийлэх бололцоог өгөх бөгөөд дээрх асуудлуудтай холбоотой хэрэгцээтэй, санууштай мэдээллүүдийг судалж үзсэнээ та бүхэнтэй хуваалцаж байна.
.
Байрны эзэн, түүнийг эзэмшлийг хариуцаж байгаа менежер нь хэдийгээр өөр боловч цаашид байрны эзэн, дахин давтаж хэрэглэхгүй тулд бүх төрлийн сууцыг байр зэргээр хэрэглэх болно. Байр хөлслөхийн өмнө өөрийн тань шаардлагыг хангах байр олно гэдэг мэдээж нөр их хөдөлмөр. Тэгвэл таалагдсан байраа үзэхээр ирэхийн өмнө утсаар байрны эзнээс дараах асуултуудыг асуувал зохилтой.
.
Ерөнхий асуултууд:
- Хэзээ энэ байр нүүж ороход бэлэн болох вэ?
- Сарын төлбөр хэд вэ?
- Депозит хэд вэ?
- Байр нь хэдэн давхарт вэ?
- Танайх нүүж ирэхэд ямар нэг хямдрал, урамшуулал үзүүлж байгаа юу? /Xэрэв зар сурталчилгааг нь харсан бол тэндээс лавлаж асуух зүйл байвал асуух/
- Би сар сараар гэрээ байгуулж болох уу? Эсвэл урт хугацааны гэрээ хийхийг шаарддаг уу?
- Байрны хэмжээ, зай нь хэд вэ?
- Угаалгын газар, бассейн зэрэг ямар ямар үйлчилгээний хэсэгтэй вэ?
- Байр бүрт өөрийн гэсэн парклах газартай юу? Хаалттай эсвэл дээвэртэй паркан уу?
- Амьтан тэжээж болох уу? Депозит нь хэд вэ?
- Байр цэвэрхэн үү? Чимээ шуугиан ихтэй юу?
- Түрээснээс гадна бусад ямар, ямар төлбөрийг хөлслөгч хариуцан төлөх вэ?
.
Ялангуяа сүүлчийн асуулт нэлээд чухал бөгөөд тог, хийгээс гадна зарим байранд байр хөлслөгчийн даатгал зэрэг нэмэлт төлбөрүүдийг менежерүүд байрны үнэнд оруулж хэлдэггүй. Энэ асуултыг тавиагүй хөлслөгч гэрээнд гарын үсэг уншилгүйгээр зурсанаар байрны сарын төлбөрөөс гадна урьдчилж тооцоолоогүй нэмэлт төлбөрүүдтэй тулгарах болно.
.
Дашрамд Renters insurance буюу хөлслөгчийн даатгалыг ямар зориулалттай болохыг тайлбарлая. Энэ даатгалаар байр хөлслөгчийн болгоомжгүйгээс, эсвэл түүнээс үл хамааран гарсан ч түүнийг буруутгаж үзэхээр хохирлуудын эсрэг даатгагддаг аж. Байрны эзэн өөрийн даатгалтай ч энэ төрлийн хохирлыг барагдуулдаггүйгээс их хэмжээний төлбөр хөлслөгчид буухад хүрэх тул зарим байр энэхүү даатгалыг сарын төлбөрт оруулж суутгаж байдаг. Нөгөө талаас хэдийгээр илүү мөнгө төлөхөд хүргэж байгаа ч энэхүү даатгал нь байр хөлслөгчийн өмнөөс гал, ус зэрэг байранд гарсан элдэв хохирлыг барагдуулахаас гадна хулгай болон бусад тохиолдлын улмаас өөрт гарсан хохирлыг нь мөн барагдуулж өгдөг байна.
.
Эдгээр жишээнээс гадна бусад зүйлийг лавлаж мэдэх хэрэгтэй бөгөөд сайтар судлах нь орсон хойноо элдэв гэнэтийн асуудалтай тулгарахаас зайлсхийх боломжийг олгоно. Түүнчлэн хариултаас өөрт тань тохиромжгүй байр гэдгийг олж мэдвэл цагаа хэмнэх болно.
.
Ингээд боломжийн санагдвал хэзээ ирж үзэж болох талаар асууж цаг товлоорой. Товлосон цагтаа очиж уулзахын өмнө өөрийн бичиг баримтаа бүрдүүлэх нь зөв юм. Ойрын үеийн кредит түүх, өмнөх байрны эзнээсээ болон ажлын газрын даргаасаа авсан захиа, ажлын эсвэл оюутны тодорхойлолт зэрэг байвал авч очоорой. Түүнчлэн цалингийн тодорхойлолт /pay check stub/, W2 зэргийг орлогын баталгаа болгож авч очиж болно. Зурагтай ID-гаа бүү мартаарай. Таньд байрыг тайлбарлан үзүүлэх үед асуултууддаа түр тэвчиж яриа, амлалтыг нь анхааралтай сонс.
.
Ингээд байр таалагдвал хэзээ нүүж орох боломжтойгоо байрны эзэнд мэдэгдээрэй. Нөгөө талаас байрны эзэн ирээдүйн хөлслөгчийн өргөдөлд дүгнэлт өгөхийн тулд асуулт асуудаг. Харин асуухыг зөвшөөрдөг, хориглодог асуултууд бий.
.
Дараах төрлийн асуултыг таниас асууж болно. Үүнд:
- Ямар төрлийн ажил хийдэг вэ?
- Энэ ажлаа аль зэрэг удаан хугацаагаар хийж байгаа вэ?
- Хэдэн долларын цалинтай вэ?
- Хэдэн хүн амьдрах вэ?
- Өмнө нь таныг байрнаас албадан гаргасан тохиолдол бий юу? гэх мэт.
Эдгээр асуултуудаар таны төлбөрийн чадварыг тогтоож байна. Харин асуухыг хориглосон буюу The Fair Housing Act хуулийг зөрчсөн асуултанд:
- Таны арьсны өнгө
- Шашин шүтлэг
- Нас
- Гэр бүлийн байдал
- Цагаачлалын статус
- Сексийн хандлага зэрэг асуултууд орно.
.
Эдгээр асуултууд таныг төлбөрөө төлж чадах эсэхийг тогтоохтой ямар ч холбоогүй. Хэдийгээр The Fair Housing Act нь 1968 онд хүчинтэй болсон ч гэсэн жилд хэдэн мянган хүн байр түрээслэх, худалдан авах үед хууль бус татгалзсан хариуг авсаар байгаа юм байна. Уг хуулиар хэрэглэгчийн арьс өнгө, гарал үүсэл, үндэс угсаа, шашин шүтлэг, нас хүйс, гэр бүлийн болон эрүүл мэндийн байдалд үндэслэн байрнаас татгалзсан хариуг өгөхийг хориглож өгсөн байдаг.
.
Хэрэв хуулийг зөрчсөн нь тогтоогдвол тухайн хүнд маш өндөр торгуулийг тухайлбал, шүүх, хуулийн үйл ажиллагаатай холбоотой зардлууд, хохирол дээр нэмж иргэний торгууль, хэрэв анх удаа бол 55,000 доллар, давтан үйлдэлд 110,000 доллараар торгохоор зааж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг.
.
Тахир дутуу иргэдээс гадна арьс өнгөний хувьд харууд, хиспаник, ази хүмүүст “housing discrimination” буюу байрны гадуурхалд илүүтэй өртөж байна гэж “Parade” сэтгүүлд дурджээ.
Уг хуулийг зөрчсөн жишээнд:
- Тахир дутуу хүнд зориулалтын паркин гаргаж өгөхгүй байх, тэдэнд үйлчлэгч амьтныг нь байлгахаас татгалзах
- Байр хөлслөгчийн арьс өнгө, шашин шүтлэгээс хамаарч өндөр рент, депозит тогтоох, байр байсаар байтал байхгүй гэж хэлэх
- Хүүхэдтэй гэр бүлд хүүхдүүдийг байрны гадаа тоглохыг хориглох
- Түрээсийн төлбөрт секс хийхийг шаардах гэх мэт.
.
Хэрэв таныг байр түрээслэх, худалдан авах үед танийг хууль бусаар гадуурхсан бол гомдол мэдүүлэх, ер нь The Fair Housing Act-ын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл HUD 1-800-669-9777 утсаар болон www.hud.gov/fairhousing сайтаар орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
.
За ингээд байр таньд таалагдаж, та ч гэсэн байр хөлслөх нөхцөлийг хангаж байвал байрны эзэн таньд түрээсийн гэрээг танилцуулах болно. Уншаагүй ч байсан гэрээнд гарын үсэг зурсан л бол та уг гэрээнд заасан хариуцлаганд хүлэгдсэн гэсэн үг тул гэрээг хийхийн өмнө яаралгүйгээр сайн унших, ойлгохгүй бол нэг хувийг авч хэн нэгнээр сайн уншуулж тайлбарлуулсны дараа л нөхцөлийг нь хүлээн зөвшөөрөхөөр бол гарын үсэг зураарай. Findlaw.com сайтын судалгаагаар судалгаанд оролцогчдын дөрөвний нэг хувь нь гэрээг зөвхөн хальт хардаг гэж гарчээ. Гэрээний нөхцөлийг нарийвчлан уншихгүйгээр, эсвэл дутуу уншин гарын үсэг зурснаар дараа нь буцах аргагүй байдал, торгууль, төлбөрт орж болзошгүй.
.
Эцэг эхчүүдэд анхааруулга
Дээр дурдсан Fair Employment and Housing Act нь хөлслөгч таны эрх ашгийг хамгаалдаг. Тэгвэл нөгөө талаас энэ хуулийн дагуу зарим нэг нөхцөлийг үл тооцвол нөгөө бүртгэлтэй гэгддэг сексийн янз бүрийн гаж донтонгуудад байр хөлслөхөд татгалзах ёсгүй байдаг.
.
Иймд иймэрхүү муу хүмүүстэй ойр амьдрахгүйн тулд рентний гэрээ байгуулж нүүхийн өмнө цагдаагийн байгууллагын сайтаас таны сонгосон байрны ойр байгаа эсэхийг бүртгэлээс нь шалгаарай. Ингээд сонгож олсон байрандаа нүүхээр шийдэж гэрээгээ байгуулсан бол нүүхийн өмнө дараахь зүйлсийг санахад илүүдэхгүй.
.
- Хэрэгцээгүй эд зүйлсээсээ салах, хандивлах, хаях
- Бүх зүйлээ хайрцаглаж янзлахдаа хайрцаг бүрийн гадна талд аль өрөөнд оруулах, дотор юу байгааг тэмдэглэх
- Телевизийн удирдлага, гоо сайхны зүйлс зэрэг хамгийн сүүлд авч хийх зүйлүүддээ зориулж “сүүлийн хайрцаг” гэж бичсэн хайрцгийг бэлдэх
- Нүүхийн өмнө урьдчилан тог цахилгаан, хий, утас, интернэт зэрэг үйлчилгээ зогсоож шинэ хаяг уруугаа залгуулах
- Бүх хаягаа шилжүүлэх
- Тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд замын зардал, нөхөр/эхнэрийн ажил хайхад гарсан зардал гэхчилэн нүүхэд гардаг хэдэн зардлууд таксаас хасагдах боломжтой байдаг тул бүх бичилт, талоноо хадгалаарай. Тавигдах нөхцөлийг дараахь линкээс орж үзнэ үү. http://www.irs.gov/taxtopics/tc455.html
.
Байранд орсны дараа байрны эзэн зөвхөн дараах тохиолдолд л танай гэрт орох эрхтэй. Үүнд:
- Онцгой нөхцал байдал /emergency/ гарсан үед
- Шаардлагатай эсвэл ярилцаж тохиролцсон засвар үйлчилгээг үзүүлэх үед
- Уг байрыг худалдан авахаар сонирхож байгаа болон зээл олгогчдод, ажилчин контракторууд, хөлслөхөөр сонирхож байгаа хүмүүст үзүүлэхээр
- Утааны детекторыг шалгах, засварлахаар
- Усан орыг зөв байрлуулсан эсэхийг шалгахаар
- Шүүхийн шийдвэрээр
- Хөлслөгчид байраа орхин нүүсэн, хөлслөхөө больсон тохиолдолд зэрэг болно.
.
Дээр дурдсан эхний болон сүүлийн тохиолдлоос бусад тохиолдолд байрны эзэн таньд урьдчилан, багаар бодоход 24 цагийн өмнө орох шалтгаанаа дурдсан мэдэгдлийг бичгээр өгсөн байх ёстой. Харин байрны эзэнтэйгээ засвар үйлчилгээ хийлгэхээр амаар тохролцсон тохиолдолд заавал бичгээр мэдэгдэл өгөх албагүй бөгөөд амаар хийсэн тохиролцоо нь байр уруу хэзээ, хэдэн цагийн орчимд орохоо тохиролцож, орох өдрөөсөө нэг 7 хоногийн дотор хийсэн байх ёстой гэж заадаг байна.
.
Ихэнх гэрээнд "...байрыг жирийн элэгдлийг хасаад /normal wear and tear/ анхны байсан нөхцөлд нь хүлээлгэж өгнө” гэж заасан байдаг. Нүүж гарсны дараа байрны эзэнтэй депозитын талаар маргаан хийхгүйн тулд орох гэж байгаа байрныхаа нөхцөл байдлыг сайн судалж үзээрэй. Хэрэв нэлээд хэмжээний депозит тавьсан бол илүүтэй сайн нарийн шалгаарай. Үүний тулд юмаа зөөж оруулахын өмнө байрны эзний хамтаар байран дундуур явж шалгах хэрэгтэй. Ингэснээр нүүж орохын өмнөх байрны нөхцөл байдлыг хоёул хүлээн зөвшөөрөхөд хэрэг болно.
.
Ингээд нөхцөл байдлын талаар бичгээр тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Хэрэв байрны эзэн шалгах, хүлээж авах хуудасгүй байвал өөрөө тийм хуудас бэлдээрэй. Жишээ нь Калифорний Department of Consumer Affairs байгууллагын www.dca.ca.gov/publications/landlordbook сайтаас “inventory checklist” гэдгийг сонгосноор байрны байдлыг шалгах жагсаалтын /checklist/ хуудсыг үнэгүй хэвлэж авах боломжтой. Мөн дээрх сайтнаас байр хөлслөгчдөд хамааралтай олон зөвлөгөөг олж уншиж болно. Энэхүү хуудсыг бөглөхийн тулд таньд бал харандаа, цаас, шугам, метр болон зургийн аппарат хэрэг болно. Жишээ нь ханын будагны хэсэг хуурч унасан бол хэмжиж тэмдэглэх нь зүйтэй.
.
Байрны эзнээс алийг нь шинээр авсан, хийсэн болохыг асууж мэдээрэй. Ялангуяа шал, хивс, зуух плитка, цонх гэх мэтийг. Үүнийг бөглөх явцдаа хамгийн ихээр суутгагдах зүйл юу болох, түүнээс хэрхэн сэргийлэх талаар мэдэж авах юм. Үүнд ихэвчлэн цэвэрлэгээний үнэ, төлөөгүй рентний төлбөр зэрэг орох боловч хивс хамгийн их суутгагддаг зүйл болдог гэж ЛА-ийн 400 гаруй байрыг хариуцаж ажилладаг Jim Silton гэдэг хүн хариулжээ.
.
Хивс шинэ эсэхийг асууж мэд, хэрэв хуучин бол нөхцөл байдлыг сайн тэмдэглэ. Зөвхөн хивсний талаарх асуултыг дугуйлснаар орхиж болохгүй бөгөөд жижигхэн толбо, элэгдсэн хивс хэдэн зуу, хэдэн мянган долларын торгуульд оруулж магад тул сайн бичиг тэмдэглэж авахыг зөвлөсөн байна. Бусад шал, мод, хулдаасан төрлийн шалны нөхцөлийг тэмдэглэж авааарай. Сайн чанарын будагны үнэ жилээс жилд нэмэгдэж байгаа тул ханын будгийг анхаараарай. Том хадаасны нүх, ханан дахь жижиг толбо л тэр ханыг бүтнээр будахад хүргэж магад.
.
Хэрэв таныг нүүж орох үед хананд элдэв асуудал байсан бол зургийг нь авч баталгаажуулаарай. Мөн дээр нэмээд байрны жижиг план зургийг зурж ханын хаана гэмтэл байсныг Х-ээр зурж тэмдэглэхэд илүүдэхгүй. Цахилгаан хэрэгслэл, жорлон ванныг урьдчилж шалгах, ашиглаж хэрэглэх үед ямар нэгэн гэмтэл байвал байрны эзэнд дор нь яаралтай мэдэгдэхгүй бол таны депозитны хэсэг үүний засварт яваад өгч магадгүй. Усны крант, ванн, душ, угаалтуурын доогуур хөгц байгаа эсэхийг үзэж шалга. Хэрэв байранд ямар нэгэн усны алдагдал гарч хөгц үүссэн бол таны буруу биш билээ.
.
Харин усны алдагдлыг яаралтай мэдэгдээгүй бол таны буруу болох болно. Амьдрах явцад гарсан эвдрэл, гэмтлийг байрны эзэнд бичгээр ямагт мэдэгдэж байх нь дараа үүсч болох үүрэг хариуцлага, аюулаас урьдчилан сэргийлэхэд хэрэг болно. Мөн ховор, үнэт, орлуулахад үнэтэй, тусгай арчилгаа шаардагдах эд зүйлс байгаа бол үнэ, нөхцөл байдлаас нь гадна эзнээр нь бүр нарийн тайлбарлуулж ав. Ингээд бүх зүйлийг тэмдэглэж авсны дараа 2 тал гарын үсэг зурж нэг нэг хувийг авч үлдээрэй. Мөн нүүхдээ харьцуулахад амраар нь ижил хуудсыг бөглөж хүлээлгэж өгөөрэй. Мөн депозитын хэмжээний талаар хэлэхэд, жишээ нь Калифорний хувьд тавилга хогшилгүй байранд тавих депозит 2 сарын рентний төлбөрөөс, тавилгатай байрных 3 сарын төлбөрөөс ихгүй байх ёстойг California Civil Code http://www.leginfo.ca.gov-д/ заасан байна.
.
Харин хамгийн бага хэмжээний талаар байрны эзэн өөрөө тогтоох боломжтой юм байна. Депозит дотроо түрээс, амьтны, түлхүүрийн, цэвэрлэгээний зэрэг ангилж болох боловч ямар ч байдлаар нэрлэж ангиллаа ч нийт хэмжээ нь дээрх заасан хязгаараас хэтрэх ёсгүй. Мөн буцааж олгогдохгүй депозит, түүний дотор цэвэрлэгээний зэрэг нэрлэсэн буцааж олгодохгүй депозит хөлслөгчөөс авахыг хуулиар хориглодог. Хөлслөгчийн депозитыг байрны эзэн төлөгдөөгүй рент, анх нүүж орох үеийн хэмжээнд байрыг цэвэрлэх, жирийн элэгдлээс гаднах гэмтэл согог, мебель хогшил зэрэг эзний эзэмшлийн зүйлийг засварлах зэрэгт суутгахыг зөвшөөрдөг.
.
Түүнээс гадна ямар ч мужид хүн амьдрах аюулгүйн болон эрүүл ахуйн нөхцөлийг хангаагүй байрыг бусдад түрээслэхийг хориглодог гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Жишээ нь Калифорн мужийн хуулиар байр түрээслэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг хангасан байх ёстой. Үүнд:
.
- Дээврээс ус гоожихгүй байх, гадна хананд цууралт байх ёсгүй, хаалга, цонх бүрэн бүтэн байх
- Орох хаалга, цонх зохих шаардлагыг хангасан цоож, түгжээтэй байх ёстой
- Ус, хийн хоолойнууд зөв суурилуулж, зохих засвар үйлчилгээ нь хийгдсэн байх
- Халуун хүйтэн устай байх, муу усны шугам зохих ёсоор ажилладаг байх
- Халаалтын систем ажилладаг байх
- Гэрэл, цахилгааны утас, цахилгаан хэрэгслүүд зохих ёсоор ажилладаг байх
- Барилга, түүний эргэн тойронд цэвэр, ариун цэврийн нөхцөлийг хангасан байх, ямар нэгэн хог, хаягдал, мэрэгч, шавьжгүй байх ёстой
- Зохих тооны хогны савтай байх
- Шал, шат, шатны бариул сайтай байх зэрэг болно.
.
Байранд байх үедээ
Байр түрээслэгч ч гэсэн зохих хуулийг баримтлах ёстой. Үүнд: байрыг цэвэр байлгах, хог хаягдлыг зохих журмын дагуу хаях, зайлуулах, бүх цахилгаан, хийн хэрэгслэлийг зөв, цэвэр хэрэглэх, байрыг гэмтэл, муутгалтаас сэргийлж байх, байрыг зориулалтын дагуу ашиглах зэрэг багтана.
.
Хэрэв нүүж орсоноос хойш байранд ямар нэгэн асуудал гарвал жижиг гэлтгүй дор нь байрны эзэндээ мэдэгдээрэй. Зарим хүмүүс хэт жижиг асуудлаар хандахаас санаа нь зовдог. Хариуцлагатай байрны эздүүд харин ч байранд гарч байгаа ямар асуудлыг сонсож мэдэхийг хүсдэг. Тэд засвар үйлчилгээ хийгээгүйгээс байр хөлслөгчдөд тав тухгүй байдал үүсч түүнээс болж нүүгээсэй гэж бодохгүйгээс гадна жижиг хэмжээний асуудлууд том асуудал болон хувирч дараа нь их зардлаар засахад хүрч магадгүй тул ийнхүү анхаарал тавьдаг байна.
.
Ялангуяа ус алдалт, мултарсан шатны бариул зэрэг байр болон хүнийг гэмтээх магадлалтай асуудлуудыг яаралтай мэдэгдэж засуулах шаардлагатай. Харин яаралтай бус асуудлуудыг байрны эзэнд тохиромжтой цаг үед, байрны мөнгөө илгээхдээ зурвас явуулах зэргээр мэдэгдэж болно.
.
Байрнаас нүүхдээ
Нүүхээр шийдвэрлэсэн тохиолдолд зохих нүүх протоколын дагуу байрны эзэндээ бичгээр урьдчилан мэдэгдэх ёстой. Нүүхээр шийдсэн шалтгаанаа эргэн харж үзээрэй. Шалтгааныг curable буюу шийдвэрлэх бололцоотой, incurable буюу асуудлыг шийдвэрлэх бололцоогүй гэж 2 ангилж болно. Жишээ нь шийдвэрлэх бололцоотойд: чимээ шуугиан ихтэй хөршүүд, түрээсийн төлбөр нэмэгдсэн, крантнаас ус дусалж байгаа зэрэг орж болно.
.
Нөгөө шалтгааны жишээнд: тохиромжгүй байршил, тогтмол үүсвэрээс гарах шуугиан, байрны эзэн, байрны менежер гарсан асуудлыг засч шийдвэрлэж чадахгүй, эсвэл хүсэхгүй байх зэргийг оруулж болно. Хэрэв шалтгаан тань засах боломжтойд багтаж байвал яаран нүүлгүйгүйгээр юуны түрүүнд эзэндээ асуудлыг шийдвэрлүүлэх энгийн бөгөөд шулуухан үгтэй захиаг өгөх нь зүйтэй юм.
.
Хэрэв байрны тань түрээсийн төлбөр ихэссэн бол өөрийн ижил нөхцөлийн байрны үнийн судалгааг хийж жишээ болгон захиандаа хавсаргах жишээтэй. Мөн захиандаа асуудлыг шийдвэрлэх арга замыг зөвлөмжийг оруулна. Жишээ нь: Манай дээд хөршийг шөнө дундаас хойш хөгжмөө чанга орилуулахгүй байхыг гуйж өгнө үү, Хагас сайн өдөр бүр миний машины паркны зайд өөр хүн парклаад байгааг зогсоож өгнө үү гэх мэт. Хэрэв байрны эзэн тань ямар нэгэн хариу өгөхгүй байх, эсвэл дургүйцсэн байдлаар хандвал засах тодорхой хугацаа боломж өгсөний дараа эндээс нүүсэн нь дээр үү, нүүгээгүй нь дээр үү гэдгээ бодож эхлэх нь зүйтэй.
.
Дахин шинэ газар уруу нүүхэд өөр байрны судалгаанаас өгсүүлээд нүүхтэй холбоотой асуудлууд, байрны депозит, тог, халаагуураа шилжүүлэх, хаягаа шилжүүлэх гээд ар араасаа асуудлыг дагуулна. Бүгдийг тооцоолж үзсэний дараа нэгэнт нүүхээр шийдвэрлэвэл нүүхийн өмнө байрны эзэндээ утсаар урьдчилан мэдэгдэх нь зөв санаа аж. Ийнхүү мэдэгдсэнээр байрыг суллах, цэвэрлэх, оронд нь хүн суулгах зэрэг ажлуудыг зохицуулахад тэдэнд хугацаа олгох тул дуртай байх бөгөөд түүнчлэн дараагийн байр хөлслөх тодорхойлолт гаргаж өгөхөд нэмэр болно.
.
Хамгийн сүүлд хийгдсэн гэрээгээ дахин дэлгэрэнгүйгээр сайн хянаж үз. Депозитоо бүрэн бүтэн авахын тулд гэрээний нөхцөлүүдийг, түүний дотор шаардагдах нөхцөлүүд, заасан өдрүүдийг нь сайн хараарай. Калифорнийн хувьд мэдэгдэх хугацаа ихэвчлэн 30 хоногийн өмнө гэж заасан байдаг. Энэ талын мэдээллийг мужийн Department Consumer Affairs байгууллагын сайтаас, Калифорний хувьд http://www.dca.ca.gov/ /1800-952-5210/ сайтаас landlord-tenant information хэсгээс уншаарай. Бичгээр өгөх мэдэгдэлдээ ихэвчлэн “Tenant’s 30-Day Notice to Vacate” гэсэн гарчигтайгаар бичсэн өдөр, нүүх өдөр, нэр, хөлсөлж байгаа байрныхаа хаяг, депозитоо хүлээж авах хаяг зэргээ оруулах бөгөөд байрны эзэндээ хаяглаж, рентний төлбөр хүлээж авдаг хаягаар явуулна.
.
Энэхүү мэдэгдлийг явуулах хуультай бөгөөд хэрэв үгүй бол хэдийгээр байрнаас нүүсэн ч гэсэн өөр хүн шууд нүүж ороод түрээс төлж эхлээгүй л бол дахин 1 сарын төлбөрт унах магадлалтай юм. Нүүхдээ бүх хог, илүүдэл хэрэггүй зүйлсээ өрөө, байрнаасаа гаргаж цэвэрлэсэн байх ёстой. Хэрэв байрны хогийн саванд багтахгүй тохиолдолд нийтийн хог хаядаг цэгүүдэд хаях хэрэгтэй бөгөөд хэрэв хууль бусаар хог хаягдал гудамж талбайд орхисон тохиолдолд ачиж хаясан зардлыг байрны эзэн депозитноос тань суутгах эрхтэй. Хууль бусаар хаясан хог хаягдлын торгууль 1000 доллар, үүнийг мэдээллийг өгсөн хүнд өгдөг гэдгийг санахад илүүдэхгүй.
.
Нүүсний дараа депозитоо бүрэн авч чадахгүй байх асуудал Монголчууд гэлтгүй бусад хөлслөгчдөд ч байнга тулгардаг. Байрыг ямагт биеэр хүлээлгэж өгөх хэрэгтэй бөгөөд байр дундуур хүлээж авах хүнтэйгээ цуг явж цэвэрлэгээ шаардлагатай эсэхийг тогтоож, хэрэв шаардлагагүй бол мөнгөө бүрэн буцааж авна гэдгээ баталгаажуулж гарын үсгийг нь зуруулж авах буюу хүлээлгэж өгсөн мэдэгдлийн хувийг авахыг бодоорой.
.
Зарим тохиолдолд бүх юм сайн, цэвэрхэн байна гэж хүлээж авсан атлаа хивсний цэвэрлэгээ, ерөнхий цэвэрлэгээ гэх зэргээр нэлээд мөнгийг суутгасан байдаг. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд хийх зүйл бол байрны эзэн, оффист мөнгөө авах шаардлагаа бичгээр тавих хэрэгтэй. Үүнд баталгаа болгож орохын өмнө авсан фото зураг, хүлээж авах үедээ гарын үсэг зуруулсан бичиг зэрэг байвал хавсаргах хэрэгтэй.
.
Мөн өөртөө хувиа авч үлдэхээ бүү мартаарай. Хэрэв энэ захианд тань хариу ирэхгүй бол дараах алхмуудыг хийж болно. Шүүхээр шийдвэрлүүлэхээр оршин суугаа хотдоо жижиг зарга /small-claim action/ гаргаж хөөцөлдөж болох боловч шүүхийн зардал нь таны авахаар хөөцөлдөж байгаа мөнгөнөөс давах магадлалтай тул Better Business Bureau-д гомдол гаргасан дээр юм байна.
.
Байрны эзэн, менежер энэхүү нэр хүндтэй байгууллагын мэдээллийн дагуу маргалдахаасаа илүүтэй нэг их мөнгө биш тул бушуухан өгөөд салах нь их байдаг аж. Түүнчлэн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ЗГ-ын агентлагууд, хэвлэлийн албаныхантай холбогдож тэднээс таны өмнөөс асуудлыг тавих боломжийг олж мэдээрэй.