АНУ-ын хуулийн тогтолцоо нь ойлгоход бэрхшээлтэй хүндрэлтэй байдаг. Ер нь аль ч газрын хууль тийм байдаг. Ер нь харж байхад гадаад иргэд энэ орны хуулийг сайтар мэдэхгүйгээс шүүх дээр сандарч мэгдэн барьц алддаг, түүнээсээ болоод өөртөө ашиггүйгээр шийдвэр гаргуулахад хүргэх тохиолдол их байдаг. Гол нь байцаан шийтгэх хуулийн журам, түүнийг ойлгохгүй байгаагаас тэгэж сандардаг байх л даа. Тэгэхээр би байцаан шийтгэх ажиллагааны журмын талаар ярина.

Өмгөөлөгч хэрхэн авах вэ?
Эрүүгийн хэрэг болгон дээр өмгөөлөгч авах эрхтэй байдаг. Хэрвээ өмгөөлөгч хөлслөн авах зардал төлөх боломжгүй бол шүүх өмгөөлөгч томилж өгнө. Өмгөөлөгч тэр хүний байранд өөрийгөө тавьж үздэг гэж хэлж болно. Хамгийн гол зүйл бол өмгөөлөгч шүүгчдэгч хоёрын хооронд ярьж байгаа зүйл нь нууц байдаг. Тийм болохоор өмгөөлөгчдөө бүх асуудлаа ярьж хэлж болно. Хэрвээ өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй бол шүүх тусгай өргөдөл бөглүүлээд төлбөрын чадвартай эсэхийг тогтооно.

Иргэний хэргийн хувьд үнэ төлбөргүй өмгөөлөгч авах ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Жишээлбэл иргэний хэрэг дээр та хэн нэгнээс хохирол нэхэмжилж байгаа бол та өөрөө өмгөөлөгчөө авчрах хэрэгтэй болно.

Төлбөрийн хэлбэр
Гурван төрлийн төлбөрийн хэлбэр байж болно. Нэгдүгээрт тодорхой тогтоогдсон үнэ байдаг. Тэр нь эрүүгийн хэргүүд дээр шийдэгддэг. Хоёрдахь нь цагаар төлдөг төлбөр байна. Тэр нь ихэнхдээ гэр бүлийн, тухайлбал хүүхдийн тэтгэвэр, гэр бүл салгах зэрэгт цагаар үнэлдэг. Гуравдах нь тодорхой нөхцөл байдалтайгаар төлөх журам. Тэр хэрэг бол гол төлөв эрүүл мэндийн хувьд хохирсон хэрэг дээр өмгөөлөгч хөлсөлж төлбөр төлдөг. Жишээлбэл: авто осолд ороод гэмтсэн бол гэм буруутай хүмүүстэй холбогдуулан нэхэмжлэл гаргана. Хэрвээ өмгөөлөгчийн төлбөрийг төлөх мөнгө байхгүй бол тодорхой нөхцөлтэйгээр, тухайлбал нэхэмжлэлийн төлбөр олгогдсон тохиолдолд тэдэн хувийг нь авна гэсэн нөхцөлтэйгээр төлбөрөө тогтож болно. Энэ маань юу гэсэн үг вэ гэвэл 1000 доллар гаргуулсан бол өмгөөлөгч 20 хувийг нь ч авч болно. Түүнийг л тодорхой нөхцөлтэйгээр төлбөр хийх гэж хэлж байна.

Өмгөөлөгчийг хаанаас олж болох вэ?
“Шар Хуудас” утасны бүртгэлээс эрж хайж олж болно. Өөр бусад зар сурталчилгаа, таньдаг мэддэг хүнээр дамжуулан олж авч болно. Гэхдээ, ямар төрлийн хэрэг дээр хуульч авч байна вэ гэдгээс шалтгаалж мэргэжлийн өмгөөлөгч авах хэрэгтэй болно. Өмгөөлөгчийн талаар лавлагаа өгөх газар руу утасдахад таны хүсч байгаа мэргэжлийн хуульчийг олж өгч болно.

Өмгөөлөгч хөлсөлж авах процессӨмгөөлөгч хөлсөлж авах процесс, эрүүгийг хэргийн төрлийг хэлж өгөе. Дүүргийн шүүх, тойргийн шүүх гэсэн хоёр шатны шүүх байна. Хөнгөн, хүнд гэсэн хоёр төрлийн гэмт хэрэг байдаг. Хөнгөн гэмт хэрэг нь дөрвөн төрөл байна.
.
Нэгдэх зэрэглэлийн гэмт хэрэг нь нэг жил хүртэл хорих ялтай. Хоёр дахь нь 6 сар хүртэл хорих, гурав дахь нь 500 доллараар торгох, дөрөв дэх нь 250 доллараар торгох заалттай дөрвөн төрлийн гэмт хэрэг бий. Гурав, дөрөв дэх төрлийн гэмт хэргүүд нь зөвхөн торгуултай, ихэнхдээ зам тээврийн зөрчилтэй холбогдсон гэмт хэрэг. Нөгөө хоёр нь нэлээд хүнд, Танхайрсан, хүн зодсон, согтуугаар машин барьсан гэх зэрэг. Хоёрдахь төрөл нь хүнд гэмт хэрэг. Үүнд 1 жилээс дээш хорих ялтай хэргүүд хүнддээ ордог. Энэ нь 6 төрөлд хуваагддаг. Өмнөх хөнгөн гэмт хэрэг нь 4 болж байсан.

Тус бүрдээ ял шийтгэл нь өөр. Зарим нь энэ төрөл зүйлд багтаггүй ч хэрэг байдаг. Тэр хөнгөн буюу хүндэд нь ордоггүй гэмт хэргүүдийн ялыг хуульд ййрт нь тодорхой тухайлан зааж өгсөн байдаг. Жишээлбэл хулгайн гэмт хэрэг нь хүнд болон хөнгөн байж болно. 200 доллараас доош хулгай бол хөнгөн, дээш болбол хүнд болдог.

Байцаан шийтгэх ажиллагаа нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг баривчилсанаар эхэлдэг. Цагдаагийн байгууллагын ажилтан гэмт хэрэг үйлдэхийг харсан бол ямар ч тохиолдолд хүнийг баривчилж болно. Цагдаагийн ажилтан нь гэмт хэрэгтнийг баривчлаад шүүгч дээр аваачиж хэргийнх нь талаар танилцуулдаг. Хэрвээ гэмт хэрэг үйлдэж байгааг цагдаа үзэж мэдээгүй бол цагдаагийн ажилтан эхлээд гэмт этгээдийг баривчлах зөвшөөрлийг шүүгчээс авдаг. Иймд хэн нэгнийг баривчилж байж л байцаан шийтгэх ажиллагаа эхэлдэг.

Гэмт хэрэг гарч байгааг харсан цагдаа тэр дариуд нь баривчилж болно. Хэрвээ цагдаагийн ажилтан байгаагүй бол баривчлан зөвшөөрлийг шүүчээс авдаг. Гэхдээ онцгой тохиолдол бий. Жишээ нь дэлгүүрт дэлгүүрийн ажилтан намайг хулгай хийсэн гэж барьж авлаа гэе. Тэгвэл дэлгүүрийн ажилтан цагдааг иртэл саатуулж байж болно. Харин цагдаагийн ажилтан ирээд баривчилж болно.

Шүүгчээс зөвшөөрөл авахгүйгээр баривчилдаг гурван тохиолдол байна. Энэ нь дэлгүүрээс жижигхэн байдлаар хулгай хийсэн тохиолдол байна. Танхайрлын хэрэг, гуравдахь нь согтуугаар авто машин жолоодох зэрэг зам тээврийн осолтой хэрэг.

Гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй гэсэн магадлал байгаа тохиолдолд цагдаагийн ажилтан шүүгчээс зөвшөөрөл авалгүйгээр баривчилж бас болдог. Баривчлаад шүүхийн байранд аваачина. Шүүгч нь, хорих уу, эсвэл гадуур байлгах уу гэдгийг шийддэг. Хэрвээ нийгэмд аюултай биш оргон зайлахгүй гэж үзвэл заавал цагдан хорихгүйгээр даалтанд гаргаж болно. Оргоод явчихаж магадгүй, эсвэл дахиад гэмт хэрэг үйлдэж магад гэж үзвэл шүүх хурал хүртэл хорьдог.

Нөгөө талаар барьцаа тавьж болдог. Барьцаа янз бүр байна. Шүүх дээр буцаж ирнэ гээд баталгаа гаргаад гадуур гарч болно. Мөн мөнгөн хэлбэртэй байж болно. Шүүхээс дуудсан хугацаанд ирж байвал хожим нь барьцааны мөнгөө буцааж авдаг. Мөн өдөр болгон ирж бүртгүүлж байх нөхцлийг даалтанд гаргахдаа тавьдаг. Баривчлагдсаны дараа барьцааны асуудлыг шйидсэний дараахан захиран тушаах хурал гэдэгт оролцох хэрэгтэй болдог. Энэхүү захиран тушаах хурлаар би өмгөөлөгч өөрөө хөлсөлж авах уу, эсвэл шүүгчээр өмгөөлөгч томилуулах уу гэдгийг шийднэ.

Энэ их чухал юм. Хэрвээ хөнгөн гэмт хэрэг бол шүүх хурал болох өдрийг хэлж өгнө. Хэрвээ хүнд гэмт хэрэг бол шүүх хурлын өмнө бас нэг урьдчилсан хурал болдог. Түүний хугацааг нь хэлж өгдөг. Шүүх хурлыг 30-60 хоногын дотор товлодог. Хөнгөн гэмт хэргүүдийг дүүргийн шүүх дээр шийддэг. Дүүргийн шүүх дээр тангаргын шүүх гэдэг 12 хүн байдаг.

Бүх төрлийн эрүүгийн хэрэг дээр яллагдагч гэм буруутай гэдгийг ямар нэгэн эргэлзээгүйгээр нотлох ёстой. Эхний үе шатанд шүүгдэгч гэм буруугүй байна гэж үзвэл хэргийг хэрэгсэхгүй болгоно. Хэрвээ гэм буруутай байна гэвэл хоёрдахь шатруугаа орно Энэ нь ял шийтгэл оногдуулах ажиллагаа юм. Энэ шатанд шүүгдэгч өмнө нь ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгаж үздэг. Хэргийн нөхцөл байдал, өмнө нь ял шийтгэлтэй байгаа эсэхийг нь харгалзаж ял оногдуулдаг.
.
Хэрвээ анхны гэмт хэрэг бол шүүгч хорих ял өгөхгүй. Ерөнхийдөө хорих ялыг тэнсэж болох талтай. 30 хоногын хорих ял өгөөд түүнээ тэнсэж, тодорхой нөхцлүүдийг хэлж өгдөг. Үүнд дахин зөрчил гаргахгүй байх, хэрвээ гаргавал өмнө нь тэнссэн ялаасаа эргэж харж үзээд зарим хэсгийг нь эдлүүлэхээр тогтоож болно. Виржиниагийн хуулийн дагуу хоёр чухал зүйл байх ёстой. Нэгд шүүгч намайг гэм буруутай гэж шийдвэрлэх ёстой. Хоёрдах нь ял шийтгэл оногдуулсан байх ёстой. Хэрвээ ял шийтгэл оногдуулахгүй гэж шүүх шийдвэл миний хувийн түүх намтарт ял шийтгэлтай гэсэн тэмдэглэл орохгүй.

Хүнд гэмт хэргийн тухай
Хүнд гэмт хэргийн талаарх захиран тушаах хурал дээр өмгөөлөгч яаж авах вэ гэдгийг шийднэ, мөн шүүх хурлын товыг хэлж өгнө. Хүнд гэмт хэргийн хувьд шүүх хурлын өмнө мөн бас завсарын, нэг урьдчилсан хуралдаан хийдэг. Тойргийн шүүх нь хоёрдахь шатны шүүх юм. Зөвхөн тойргийн шүүх л хүнд гэмт хэргийг шийдвэрлэх харьяалалтай байдаг. Хүнд гэмт хэрэг үйлдэж баригдсан тохиолдолд шүүх хурлын өмнөх завсарын, урьдчилсан хуралд заавал орох ёстой. Хүний эрхийг эдлүүлэхийн баталгаа болгож ийм хурлыг хийдэг. Ер нь хүнд гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд их хугацаа ордог. Тэр хугацаанд хэрэгтний эрхийг хохироохгүйн тулд дунд нь тийм завсарын урьдчилсан хуралдааныг хийдэг.

Энэ завсрын хуралдаанаас гэмт хэрэг үйлдсэн магадлал байна уу, үгүй юу гэдгийг тогтоох учиртай. Хэрвээ шүүгч завсарын хуралдаанаас намайг гэмт хэрэг үйлдсэн байж болох юм аа гэсэн шийдвэр гаргавал хэргийг Тангарагийн шүүгч нар луу явуулдаг. Тангарагийг шүүгч нар яллах дүгнэлт үйлдэх үү, үгүй юу гэдэг асуудлыг шийднэ. Тэрхүү тангарагын шүүгч нар энэ хүн гэм буруутай байна гэж үзвэл хэргийг тойргийн шүүх рүү шилжүүлнэ. Тойргын шүүх дээр шүүх хуралдааныг шүүгч дангаараа шийдсэн ч болно, эсвэл тэрхүү 12 тангарагын шүүгчийг оруулж шийдэж ч болдог. Тангарагын 12 шүүгч гэдэг нь ард түмний дундаас сонгогдсон хүмүүс. Хэрвээ тэр 12 тангарагын шүүгч гэм буруугүй гэж үзэх юм бол хэргийг хэрэгсэхгүй болгодог. Өмнө нь ял шийтгүүлж байсан уу, үгүй юу гэдгийг энэ тангарагын шүүгч нар авч үзэх хэрэгтэй. Ямар ял шийтгэл оногдуулах вэ гэдгийг тэд шийднэ.

Шүүгчээс ялгаатай нь тангарагын шүүгч нар бол ялыг тэнсэж, хянан харгалзах эрх байдаггүй. Байцаан шийтгэх ажиллагааны талаар ерөнхийд нь танилцууллаа. Хуулийн сургуульд энэ байцаан шийтгэх ажиллагааг нэг жилийн туршид судалдаг.

Одоо үндсэн хуулийн эрхийн талаар товчхон хэлж өгье.Үндсэн хуулийн эрх бол АНУ-ын үндсэн хуулиас гаралтай. Түүнээс гадна Виржиниагийн Үндсэн хуульд заасан эрхүүд байгаа. Хуулийн сургуульд мөн адилхан энэхүү Үндсэн хуулийн эрхийг жил гаруйн хугацаагаар үздэг. Тэгэхээр энд би хэдхэн төрлийн үндсэн хуулийн эрхийн талаар та бүхэнд танилцуулая.

Үндсэн хуулийн эрх гэдэг нь хамгын чухал зүйл юм. Энд хэлж буй бүх үндсэн хуулийн эрхүүд бол АНУ-ын үндсэн хуулинд заасан боловч, АНУ-д амьдарч буй, хууль бус ч байсан ялгаагүй бүх хүмүүс энэ эрхийг эдэлдэг.

Үндсэн хуульд Дөрөвдэх нэмэлт өөрчлөлт гэж байдаг. Энэ нь аливаа хүнд ямар эрхийг өгч байна гэвэл хууль бусаар үзлэг, нэгжлэг хийх, эд зүйлийг хурааж авахыг хориглосон. Жишээлбэл цагдаагийн ажилтан танай гэрт ямар ч учир шалтгаангүйгээр орж ирж болохгүй. Мөн цагдаагийн ажилтан ямар нэгэн учир шалтгаангүйгээр таныг зам дээр зогсоож болохгүй.
Цагдаагийн ажилтан танай гэрт орох, эсвэл зам дээр таныг зогсоохын тулд энэ хүн ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдсэн, замын хөдөлгөөний журам зөрчсөн гэсэн шинж тэмдэг, магадлал байж цагдаа энэ үйл ажиллагааг явуулах ёстой. Таныг машин бариад явж байхад цагдаагийн ажилтанд таны машины өнгө будаг таалагдаагүй байж болно. Зөвхөн таны машины өнгө будаг таалагдахгүй байна гэдэг үндэслэлээр цагдаа таныг зогсоож болохгүй. Харин цагдаагийн ажилтан таны машин замын шугамуудыг давах, дайрахад зогсоож болно. Энэ бол хууль ёсны асуудал болно. Яагаад гэвэл энэ тохиолдолд цагдаагийн ажилтан таныг согтуугаар машин жолоодож яваа гэж сэжиглэж болох учраас энэ нь хууль ёсны болно. Тэгээд таныг зогсоогоод үзлэг хийнэ.

Тэгээд хэрвээ таниас архи үнэртэж байгаа бол, хэл яриа муудсан бол, таныг машнаас чинь гаргаад, үзлэгийг цаашид үргэлжүүлэн хийж болно. Хэрэв тийм биш бол, хэрэв та хүнд ойлгомжтой байдлаар яагаад замын шугам давсан гэдгээ хэлж тайлбарлаж чадах юм бол цагдаа түүнийг ойлгож хүлээж авч болно. Жишээлбэл та радиогийнхоо долгионыг сольж байсан байж болно шүү дээ.

Гэхдээ зөвхөн тэр сэжиглэж байгаа тэр үндэслэлийнхээ хүрээнд л үзлэг шалгалтыг явуулах ёстой. Өөрөөр хэлбэл таныг согтуугаар машин жолоодож байна гэж сэжиглэсэн бол түүнээ л шалгах учиртай. Өөр зүйлрүү тань халдах эрхгүй.

Мөн хүмүүсийн орон гэр халдашгүй байх ёстой. Гэмт хэрэгт сэжиглээд үзлэг хийх юм бол заавал шүүгчийн зөвшөөрөл байх ёстой. Тэр зөвшөөрөл бол энэ оронд гэмт хэрэг үйлдсэн, эсвэл гэмт хэрэгтэй холбогдох нотлох баримт байгаа гэсэн тийм сэжиглэл, магадлал дээр үндэслэж иргэдийн гэрт нэгжлэг хийх зөвшөөрлийг шүүгчээс өгдөг. Шүүгч цагдаагийн ажилтан юу хэлж, нотолж байгааг сонсож байгаад, нэгжих зөвшөөрлийг өгөх сэжиглэл, үндэслэл бүрэн дүүрэн байна уу, үгүй гэдгийг шүүгч мэднэ.

Өөр нэгэн чухал асуудал бол өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл та өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй л байх эрхтэй гэсэн үг юм. Шүүгдэгч шүүх хурал дээр гэм буруугүй гэдгээ нотлохын тулд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах шаардлага байхгүй. Тэр ажиллагааг улсын яллагч, прокурор л шийдэх учиртай. Тэд энэ хүн гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг ямар нэгэн эргэлзээгүйгээр баталж, нотлох ёстой. Шүүгдэгч шүүх хурал дээр, эсвэл тангарагын шүүгч нарын хуралдаан дээр мэдүүлэг өгөхөөр үүрэг хүлээсэн юм байхгүй. Тийм болохоор шүүгдэгчийг шүүх хурал дээр мэдүүлэг өг гэж шахаж шаардаж болохгүй. Түүнээс гадна цагдаад баригдсан нөхцөлд та мэдүүлэг өгөхгүй байх хэрэгтэй.

Миранда журмын талаар та бүхэн сонссон байх. Энэ журмын талаар кинон дээрээс та бүхэн харсан байх, цагдаа нар хэрэгтэнг баривчлахдаа “Та өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гээд олон юм хашгичаад хэлж байдаг нь энэхүү Миранда журам юм.

Мирандад заасан журам нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хэрвээ хоригдсон бол өмгөөлөгч авах зэрэгт чухал хэрэгтэй. Цагдаа таны энэ бүх эрхийг тайлбарлаж өгөх ёстой. Өмгөөлөгч авах хэрэгтэй гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хэрвээ өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй бол шүүгч таньд өмгөөлөгч томилж өгнө гэдгийг ч бас тайлбарлаж өгөх учиртай. Мөн мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгийг тайлбарлаж өгнө. Хэрвээ та мэдүүлэг өгөх юм бол өгсөн мэдүүлэгийг чинь шүүх хуралдаан дээр таны эсрэг яллах нотолгоо болгон ашиглах болно гэдгийг таньд хэлж ойлгуулах ёстой. Цагдаагийн ажилтанд та ямар нэгэн шалтгаанаар баригдсан бол та түүнд ямар нэгэн зүйлийг хэлж тайлбарлах шаардалга байхгүй.

Өөр нэг Үндсэн хуулинд заасан эрх бол нэг хэргийн төлөө хоёр удаа шийтгэгдэхгүй байх зарчим юм. Нэг хэрэг үйлдсэний төлөө нэг л удаа шийтгэгдэнэ. Жишээлбэл бага хэмжээгээр хулгай хийсэн хэргээр шйитгэгдлээ гэхэд шүүгч энэ нотлох баримт хангалтгүй байгаа гээд хэрэгсэхгүй болгочихсон тохиолдолд улсын яллагч дахиад нэг нэмэлт нотлох материал авчраад, энэ хэргийг задлана гэх боломж байхгүй. Тэгэхээр Улсын яллагч хэргийг нэг л удаа шүүх дээр авчирч яллах боломжтой, монголд байдаг шиг мөрдөн байцаагчид буцаагаад, дахин дахин асуугаад, задлаад байх явдал байдаггүй. Түүнээс гадна хэргийг шуурхай хугацаанд, түргэн шийдэх эрхтэй байдаг.

Хөнгөн гэмт хэргүүдийг гэмт хэрэг гарсанаас хойш нэг жилийн дотор шийдсэн байх ёстой. Хүнд гэмт хэргүүдийг завсарын хуралдаан хийсний дараа 5 сарын дотор багтааж шийддэг. Хэрвээ хоригдож байгаа бол мөн таван сарын дотор шийдэх учиртай. Гадуур байгаа бол есөн сарын дотор шийднэ. Хэргээ хурдан шуурхай шийдвэрлүүлэх хэрэгтэй. Хэрвээ тав, есөн сарын хугацаанд хэргийг шийдэхгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгодог. Жишээлбэл хорихоос барьцаа тавиад гаргачихсан бол есөн сарын дотор л тэр хэргийг шийдсэн байх ёстой. Тэр хугацаанд л прокурор хэргийг шийдүүлсэн байх ёстой. Хүнд гэмт хэргийн хувьд тангарагын шүүгч нар хэргийг шийдвэрлүүлэх эрхтай. Тангарагын шүүгч 12 иргэн таныг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлохын тулд бүгдээр санал нэгдсэн байх ёстой. Нэг ч эсрэг санал өгч болохгүй. Бас нэг чухал эрхийн талаар яръя.

Үүнийг хүн бүхэн ойлгож, найз нөхөддөө танилцуулсан байх хэрэгтэй. Энэ бол шүүх хурал дээр өөрийн эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчтэй нүүрэлдэх, түүнийг байцаах эрхтэй. Шүүх хурал дээр гэрч өөрөө л харсан үзсэн зүйлээ ярьсан байх ёстой. Хүнээс дам сонссон зүйл бол нотлох баримт болохгүй. Жишээлбэл би Жон гэдэг хүний эсрэг танхайрсан гэмт хэрэг үйлджээ. Жон хохирогч шүүх хурал дээр гэрчлэх ёстой. Жой гэдэг гуравдах хүн ирээд Жон надад ингэж хэлсэн гээд шүүх хурал дээр яриад байж болохгүй.

Арвандөрөвдүгээр нэмэлт өөрчлөлт гэж бий. Энэ нь бидний саяны ярьдаг журмуудыг АНУ-ын холбооны гүйцэтгэх салбарын байгууллагууд хэрэгжүүлэх ёстой гэсэн заалт юм. Муж улсын цагдаагийн ажилтан нь Холбооны улсын нэрийн өмнөөс үйл аижллагаа явуулж байгаа албан тушаалтан биш. Гэхдээ би АНУ-ын үндсэн хуулийг яриад байгаагийн учир нь АНУ-ын Үндсэн хуульд заасан эдгээр эрхүүдийг мужийн цагдаагийн ажилтан биелүүлэх учиртай. Арвандөрөвдэх нэмэлт өөрчлөлтөөр Хүн амьд явах эрхэй, эрх эрх чөлөөтэй байх эрхтэй, эд хөрөнгөтэй байх эрхтэй, эдгээр эрхүүдийг хуулиар тогтоосон журмаас гадуур зөрчиж болохгүй гэсэн заалт юм.

Би үндсэн хуульд заасан үндсэн эрхүүдийн талаар товчхон ярилаа. Мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө. Иргэний хэргийн байцаан шийтгэх ажиллагаа нь эрүүгийнхаас өөр байдаг.

Иргэний хэрэгт мөн дүүргийн шүүх болон тойргийн шүүх гэсэн хоёр шүүх байдаг. 4500 доллараас доош байвал дүүргийн шүүх шийднэ. Түүнээс дээш бол тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ. Харин 15000 доллараас дээш бол заавал тойргийн шүүхээр шийдүүлнэ. Дүүргийн шүүхэд тангарагын шүүгч байдаггүй. Шүүгч дангаараа бүх асуудлыг шийднэ. Тойргийн шүүх дээр тангарагын шүүгч шийднэ. Дүүргийн шүүх дээр процедур нь их амархан байдаг. Дүүргийн шүүх дээр нэхэмжлэх гаргадаг тусгай формыг бөглөдөг. Нарийн бичгийн дарга нь түүнийг хүлээж аваад шүүх хурал болох өдрийн товлон хэлж өгдөг. Нэхэмжлэлийн хуудсыг хариуцагч хүнд шүүхийн цагдаа хүргэж өгдөг. Хариуцагч шүүх хуралд бэлтгэж, хуралд заавал ирэх учиртай.

Тойргийн шүүх дээр урт хугацаатай байдаг. 15 000 доллараас дээш нэхэмжлэл гаргаж байгаа нөхцөлд шүүхийн шийдвэр гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьдаг. Мөн өмнөхийн адил нэхэмжлэлийн хуудсыг цагдаа аваачиж өгдөг. Хариуцагч нэхэмжлэлийн хуудсыг хүлээж аваад 20 хоногын дотор бичгээр хариу тайлбар гаргаж өгөх ёстой. Энэ хугацаанд бичгээр тайлбар гаргаж өгөхгүй бол шүүх тэр хүнийг 15000 доллар гаргаж өгөхөөр шууд шийддэг. Түүүнээс гадна тойргийн шүүх дээр нотлох баримт солигдох үйл ажиллагаа явагдана. Шүүх хурлын өмнө нотлох баримтаа солилцож, асууж тодруулах ажиллагаа явагдана гэсэн үг. Дүүргийн шүүхэд тийм ажиллагаа явагддаггүй.

Жишээлбэл нотариатад шүүгч хүнийг баривчлах зөвшөөрөл өгсөн баримтыг хавсаргасан байна. Нэгдүгээрт хөнгөн гэмт хэрэг гэж заасан байгаа. Энэ нь танхайрсан, хүн зодсон хэрэг. Хоёрдахь нь хүнд гэмт хэрэгт холбогдсон хүнийг баривчилсан тогтоол байна. Карл Жакен гэдэг хүн гэмт хэрэгт холбогдсон. Тэр автомашин дотор яваа хүнийг дээрэмдсэн. Энэ хүнийг баривчилахад хуулбарыг нь гэмт хэрэгт холбогдсон хүнд өгдөг.

Хүнд гэмт хэрэг зургаан төрөл байдаг.Зарим тохиолдолд гэмт хэргийн төрлийг зааж байдаг. Ингээгүй нөхцөлд хууль нь өөр дээрээ ямар төрлийн ял байгааг тодорхой зааж өгсөн байдаг. Энэ автомашинд байгаа хүнийг дээрэмдсэн, эсвэл автомашиныг нь булаасан тохиолдолд ялын доод хэмжээ 15 жил байдаг. Энэ хүнийг баривчилсаныхаа дараа завсарын хуралдааныг хийх өдрийг товлож хэлж өгдөг. Завсарын хуралдаан дээр энэ хүн гэмт хэрэг гэсэн үйлдсэн гэсэн сэжиглэл байна уу, үгүй юу гэдгийг шийддэг. Энэ хэрэгт шүүгч гэмт хэрэг үйлдсэн гэсэн сэжиглэл байна гэж тогтоосон. Ингэж шийдсэнийхээ дараа хэргийг тангарагын шүүгч нарын их суудлын хуралдаанаар оруулсан. Их суудлын тангарагын шүүгчийн хуралдаанаар энэ хэргийг хэлцээд авто машинд байгаа хүнийг дээрэмдсэн учир шүүх хуралдаанд оруулахаар шийдвэр гаргасан. Эхлээд шүүгч таныг гэм буруутай гэдгийг тогтооно. Дараа нь ял шийтгэлийг тогтооно.

Цөөхөн муж улс тангарагын шүүгч нар нь ямар ял шийтгэл оногдуулах талаар шүүгчид зөвлөмж өгөх, зөвлөгөө өгөх эрхтэй байдаг. Виржиниа муж бол тэр мужийн тоонд ордог. Шүүх хуралдааны эхний үе шатанд хуулинд зааснаар ямар ял шийтгэл оногдох ёстой вэ гэдгийг хэлдэггүй. Жишээлбэл энэ хэргийн хувьд энэ хүн машинтай хүнийг дээрэмдсэн гэсэн үндэслэлээр шүүх хурлаар орсон. Энэ хүний асуудлыг тангарагын шүүгч нарын хуралдаанаар хэлцэж байхдаа хэрвээ энэ хүн гэм буруутай нь тогтоогдвол 15 жилээс дээш хорих ялаар шийтгэгдэнэ гэдгийг хэлээгүй байсан. Тэгээд зөвхөн гэм буруутай гэдгийг нь тогтоогдсоны дараа энэ хүн 15 жилээс дээш ялтай байна гэдгийг танилцуулсан. Тангарагын шүүгч нар ялыг тэнсэж болохгүй. Шүүгч л зөвхөн тэнсэх эрхтэй.
.
Даяар Монгол сонины 2004 оны № 013, 014 дугаараас

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт