Хууль бусаар оршин байгаа хvvхдvvд Ногоон карт авч болох нь. АНУ-д байгаа хүүхдүүдийн хувьд зөвхөн ээж аав, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээрээ дамжуулан Ногоон карт буюу хууль ёсоор ажиллаж, амьдрах эрх авах боломжтой. Харин тус улсад хууль бусаар нэвтэрсэн буюу ирээд визний нөхцөлөө зөрчсөний улмаас харласан хүүхдүүдийн хувьд хууль ёсоор амьдрах эрх авах нь бараг боломжгүй зүйл байсан юм. Монголчуудын хувьд High School Exchange Program-р дамжуулан хүүхдээ авч визний хугацаа дууссанаас шалтгаалан харласан тохиолдол их бий.
Эдгээр хүүхдүүдийн хувьд хууль ёсоор амьдрах эрх олж авахад ихээхэн хүндрэлтэй бөгөөд өөрийн орондоо буцаж очоод дахин виз аваад ирж болох ч АНУ-д байхдаа визний нөхцөлөө зөрчсөн гэдэг үндэслэлээр тус улсад орох эрхээ 10 жил хүртэл хугацаагаар хасуулдаг. Ийм учраас ихэнх хүмүүс дахин виз мэдүүлэхийг хүсдэггүй бөгөөд хууль бусаар амьдрах замыг сонгодог нь нууц биш юм.
Тэгвэл энэ нөхцөл байдлыг өөрчлөх зорилгоор Конгрессийн гишүүд хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж Төлөөлөгчдийн танхим болон Сенатад танилцуулсан боловч хангалттай санал авч чадалгүй өнөөдрийг хүрчээ. Хамгийн сүүлд 2007 оны 10 сарын 24-ний өдөр хуулийн төслийг хэлэлцсэн боловч олонхийн санал авч чадаагүй. Учир нь ямар нэг хуулийн төслийг хэлэлцэхэд доод тал нь 60 хүний санал авсан байх ёстой бөгөөд тухайн хуулийн хувьд 8 хүний саналын дутуугаар буюу 52-44 харьцаагаар буцаж байжээ.
Тэгвэл 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр DREAM /The Development, Relief and Education for Alien Minors/ Act-ийг АНУ-ын Сенат болон Төлөөлөгчдийн танхимд танилцуулсан байна. Энэхүү хуулийн дагуу АНУ-д бага насандаа ирж, High School төгссөн, тус улсад байх хугацаандаа ямар нэг хэрэг төвөгт орооцолдож байгаагүй, доод тал нь 5 жил хүртэл хугацаагаар байсан хүмүүст байнга оршин суух эрх буюу Ногоон карт олгож болох талаарх хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ.
Түүнчлэн энэ хуулийг дахин хэлэлцэх болсон шалтгааны нэг нь 2005 оноос эхлэн АНУ-ын Батлан хамгаалах Департментийн өндөр албан тушаалтнууд тус улсад хууль бусаар оршин сууж байгаа хүмүүст цэргийн алба хааснаар иргэншил авч болох талаар дурьдаж байсан нь энэ хуулийн төслийг хэлэлцэхэд нөлөөлсөн гэж үзэж болох юм.
Энэ хууль батлагдвал дээрх шаардлагыг хангасан хүмүүст тус улсад 6 жил хүртэл хугацаанд оршин суух эрх олгох бөгөөд энэ хугацаанд хамгийн багадаа коллежийн 2 жилийн боловсрол эзэмших эсвэл цэргийн албанд 2-оос доошгүй жил алба хааснаар тус улсын иргэн болох боломж нээгдэх юм. Харин өгөгдсөн 6 жилийн дотор коллежид суралцаагүй буюу цэргийн алба хаагаагүй бол хугацааны эцэст тус улсад амьдрах эрхийг нь хасч, албадан гаргахаар зохицуулсан байна.