Цагаан ордонд өнгөрөгч 6 дугаар сарын 17-нд цагаачлалын хуулийн шинэчлэлийн асуудлаар Конгрессын гишүүд, бизнесийн бүлгүүд, гадаадын иргэдийн ашиг сонирхлыг илэрхийлдэг төрийн бус байгууллагууд оролцсон өргөн хүрээтэй хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгийн явцад хууль бус цагаачдыг толгой дараа өршөөлд хамруулж тэдэнд иргэний харьяалал олгохоос эхлээд албадан гаргах хүртэл олон санал яригдсан боловч нэлээд нь хэрэгжих боломжгүй, тэр утгаараа цагаачлалын асуудлыг шийдвэрлэх бус харин нэмж бэрхшээл учруулах шинжтэй аж. Гэхдээ хэлэлцүүлэгт оролцогчид эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль журмын хүрээнд асуудлыг шийдвэрлэх шаардлагатай, хэлцүүлгийг үргэлжлүүлэх нь зүйтэй. Бодит нөхцөл байдал, ажиллах хүчний эрэлт шаардлагыг харгалзаагүй аливаа шийдэл амжилтад хүрэхгүй гэж дүгнэсэн байна.

Ажил олгогч нар хямд хөлсөөр ажилладаг боловч оршин суух, ажиллах зөвшөөрөл үгүй, мэргэжил дадлагагүй ажилчдаас эхлээд хөдөө аж ахуйн ажилчид, рестораны тогооч, зөөгч гэх мэт улирлын чанартай ажил эрхлэгчид, компьютрийн программ хангамжийн инженер, нэр хүндтэй их дээд сургуулийг дүүргэж, эрдмийн зэрэг цол хүртсэн өндөр боловсролтой мэргэжилтнүүд, Ногоон карт буюу оршин суух зөвшөөрлийн сугалаанд оролцож хонжворт таарсан хүмүүст олгодог визийн тоог нэмэгдүүлэх хүсэлтийг илэрхийлсэн. Их, дээд сургуулийн төгссөлтийн дараах буюу магистрын түвшинд суралцагчдын тэн хагас илүүг, докторын зэрэг хамгаалахаар суралцагсдын 2/3-ыг гадаадынхан бүрдүүлдэг боловч ажиллах эрхтэй Н-1В визийг жилд 58200, их дээд сургууль төгсөгчдийнхийг 20 мянгаар хязгаарладаг нь инженер техникийн ажилтнууд, дадлага туршлагатай ажилчдын АНУ-д ажиллах боломжийг бууруулж, тэднийг өөр оронд шилжих цаашилбал, эдийн засгийн шинэ агаад ширүүн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх уршигтайг бизнесийн бүлгүүд тайлбарласан. Учир нь ажиллах эрхтэй Н-1В визийн өргөдлийг энэ оны 4 дүгээр сард хүлээн авч эхлэмэгц хэдхэн өдөрт 163 мянган хүн хүсэлт гаргаж өргөдөл хүлээн авахаа зогссон билээ.

Цагаачид ажлын байруудыг хямд ажиллах хүчнээр дүүргэж, нутгийн оршин суугчдын ажлыг булаадаг, бага цалин хөлсөөр ажиллахад хүргэдгээс гадна нийгмийн халамжийн тогтолцоонд дарамт учруулдаг гэдэг шүүмжлэл ч сонсогдсон. Хууль бус цагаачдын хүүхдүүд сургуульд хамрагдаж, зарим нь нийгмийн халамж хүртдэг тул дурдсан зэмлэл үндэстэй боловч тэдгээрийг шийдэх гарц бий. Түүнээс гадна бичиг баримтгүй цагаачдыг ажлаас нь халж, одоо ажил хайж яваа хүмүүс бүгдээрээ ажилласан ч хөдөө аж ахуй, зочид буудал, аялал жуулчлал, барилга, бусад олон салбарт ажиллах хүч дутагдана. Тус улсын эдийн засагт олон сая цагаач ажилчдын хүч оролцоо, зүтгэл чармайлт үгүйлэгдэхээс гадна татварын орлого ихээхэн багасна. Учир нь цагаачдын 50-75 хувь нь цалингаасаа орлогын болон нийгмийн халамжийн татваруудыг төлдөг. Хууль бусаар оршин суугаа цагаачдыг нийтээр нь албадан гаргах боломжгүй, гаргалаа гэж бодоход эдийн засгийн эргэлт наад зах нь 1.76 ихнаяд ам доллараар, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилд 651 тэрбум ам. доллараар буурна гэж баримжаа тооцоо байдаг.

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт