Эдийн засагт зогсонги байдлыг үүсгэсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлээр жишээ татахад орон сууц эзэмших явдал цагаачдын дунд нутгийн иргэдийг бодоход харьцангуй сайн байдаг юм байна. Вашингтонд төвтэй судалгааны PEW байгууллагын саяны судалгааг харахад цагаачдын дотор сууц эзэмшдэг айл өрх, хувь хүмүүсийн эзлэх хувь нутгийн иргэдийнхээс багаар буурсан нь тэдний орчиндоо дасч зохицох чадвар сайтайг харуулж байна. 1995 онд 46.5 хувь байсан орон сууц эзэмшдэг цагаачдын хувь 2006 онд 53.3, 2008 онд 52.9 хувь болжээ. Нутгийн иргэдийн дунд 1995 онд 66 хувь байсан энэ үзүүлэлт 2004 онд 71.5, 2008 онд 70 хувь болсон байна.Олон жил суурьшсан цагаачдын ажил эрхлэх, тогтвортой орлого олох, орон сууц эзэмших, түүнийгээ хадгалах буюу ойр орчиндоо дасч зохицох чадвар 2008 онд 1995 оныхоос үлэмж дээшилжээ. Хэдийгээр үндэсний хэмжээнд ийм байгаа боловч ажилгүйдэл дунджаар 9.5 хувьд хүрсэнээс 6 сар дараалан төлбөрөө хугацаа хожимдуулсаны улмаас битүүмжлэгдсэн орон сууцны тоо эрс нэмэгдсэн олон газарт орон сууцны үнэ, зээлийн хүү сүүлд ирсэн цагаачдад өндөр байгаа нь тэднээр хүнд тусч байна.
Өнөөгийн байдлаар гадаадынхан АНУ-д нутгийн иргэд эсхүл ногоон карт эзэмшигчийн гэр бүл, төрөл садангийн холбоогоор, эсхүл ажил мэргэжлийн шугамаар болон дээр дурдсан Diversity Visa Lottery гэдэг ногоон картын сугалаагаар цагаачлан ирж суурьшдаг. Ажиллах хүчний эрэлт хэрэгцээг эхлээд америкчуудын дунд зарлаж, тухайн ажлын байранд ажиллах хүсэлтэй америк хүн олдохгүй тохиолдолд гаднаас ажилчин авдаг. Ногоон картны сугалаанд жил бүр 8-10 сая хамрагддаг боловч харьцангуй цөөн иргэн нь АНУ-д суурьшсан улс орнуудад 50 мянган хожил хуваариладаг гэх мэт дотроо олон ангилал, тооны хатуу хязгаар бүхий нарийн төвөгтэй заалтуудтай цагаачлалын өнөөгийн тогтолцоо зарим талаар гадаадынхныг хууль бус цагаачлалд түлхдэг гэж түүнийг шүүмжлэгч нар үздэг. Тиймээс цагаачлах хүсэлтэй хүмүүст англи хэлний мэдлэг, боловсрол, мэргэжлийн түвшин, АНУ-д төрөл садан, ажлын байртай эсэх, өмнө нь тус улсад ажиллаж, тавар төлж байсан эсэхээр нь оноо өгч шалгаруулах, мөнгөн торгууль ногдуулах өөрөөр хэлбэл хууль зөрчсөн цагаачдыг нийтээр нь өршөөж иргэний эрх олгохгүйгээр өөрчлөхийг тэд шаардаж байна.
Хуулийн шинэчлэлийг дэмжигчид нь 12 сая хүнд нэлэнхүйд нь иргэний эрх олгох байдлаар цагаачлалыг дэвэргэх буюу хуулийн дагуу өргөдөл хүсэлтээ тавиад хүлээж байгаа хүмүүс хохироох учиргүйг, эсэргүүцэгчид тус улсад олон жил оршин суугаа, ажил хөдөлмөр эрхэлж, шударгаар татвар төлсөн, гэрлэсэн, үр хүүхэд төрүүлсэн цагаачдыг хүлээн зөвшөөрөх шаардлагатайг харилцан зөвшөөрч байр сууриа нэгтгэх учиртай юм.
Цагаачлалын тогтолцоог шинэчлэхийг дэмжсэнээр хууль бус цагаачдад тус улсад хуулийн дагуу оршин суух, ажиллах эрх олж авах боломж нээгдэнэ хэмээн бизнес эрхлэгчид, судлаачид, төрийн бус байгууллагууд үзээд хилийн хамгаалалтыг чангатгах, түр ажилчдын эрэлт хэрэгцээг шийдвэрлэх зохистой хэлбэрийг олох, ажил эрхлэгчдэд тавьдаг хяналтын тогтолцоог шуурхай бөгөөд найдвартай ажилладаг болгох, тэдний хариуцлагыг дээшлүүлэхийн зэрэгцээ нэгэнт олон жил оршин суугаа олон сая хувь хүн айл, өрхийн тухайд бодит байдалд нийцсэн бодлого явуулах нь АНУ-ын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэгчдэд тус улсад ирэх нөхцөл сайжирч сонирхогч бүх тал хожино гэдгийг онцлон тэмдэглэж байна.